
Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой.
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааны удирдамж
Нэг. Уралдааны зорилго:
· Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
· Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
· Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах
Хоёр. Сэдэв:
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”
Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.
Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна.
Захидал хүлээн авах хаяг: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Метро бизнес төв, А корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх;
- Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал
Тав. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.
Зургаа.Шагнал, урамшуулал :
Сурагч:
1-р байр: 1 сурагч Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
2-р байр: 2 сурагч Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
3-р байр: 3 сурагч Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
4-р байр: 4 сурагч Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
5-р байр: 5 сурагч Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Нийгмийн ажилтан:
1-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
2-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
3-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
4-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
5-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.
Долоо. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.
Найм. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.
Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг.
Монгол улсын хаягийн бичвэр нь дээрх стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг гардан авсан.
Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол Улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.
Манай Улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн санд Монгол улсад хэрэглэгдэх шуудангийн хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.
Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ 2022 онд уг батламжийн сунгалтыг хүлээж авсан.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг өн10 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
✅Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон:
1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.
3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.
📌МУ-ын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 18 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноогоод байна.

Шуудангийн нэгдсэн код нь барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн 5 оронтой тоо дээр 4 оронтой тоог залгуулан оноодог. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний орон зайн мэдээллийн санд 2022 оны байдлаар нийт 18 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноосон.
Та өөрийн оршин байгаа барилга байгууламжийнхаа 9 оронтой кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийхэд хайлтын үр дүн олдохгүй байвал хайж буй обьект нь нийслэлийн орон зайн мэдээллийн системд бүртгэгдээгүй байна гэж ойлгоно.
Зохицуулах хороо нь бүсчлэлийн кодын мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс иргэн, хуулийн этгээдийг www.zipcode.mn цахим хуудас болон хэвлэмэл материал, ухаалаг гар утасны програм хангамжаар дамжуулан мэдээллээр ханган ажиллаж байна.
Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг олон дэвшилтэд талууд бий болох боломжтой.
Шуудангийн бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг хаягийн бичвэрийн стандартад /MNS 6775:2019/ дараах байдлаар оруулан баталсан.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201
Утас: 304258,304257
Факс: 327720
Бүсчлэлийн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn цахим хаягаас авах ба Иргэн, Хуулийн этгээд Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн код буюу зипкодоо мэдэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгож, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан. Энэ кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг.
Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар уг кодыг хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоосон юм.
Бүсчлэлийн код /zip code/-5 оронтой
Бүсчлэлийн кодыг Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.
5 оронтой код нь угтвар код+хэсгийн кодоос бүрдэнэ. Жишээ нь: