Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

-Танай хорооноос саяхан Бүсчлэлийн код батлагдсан тухай мэдээлэл гарсан. Бүсчлэлийн код батлах гэдэг нь яг ямар учиртай юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө кодын талаар товч танилцуулахад: Шуудангийн нэгдсэн кодыг дотор нь Бүсчлэлийн код, шуудангийн нэгдсэн код гэж 2 хуваадаг.

  1. Бүсчлэлийн код /zip code/-5 оронтой

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг давхардуулан оноохгүйгэээр нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.

  1. Шуудангийн нэгдсэн код /postal code/- 9 оронтой

Зип кодын 5 оронтой код дээр барилга байгууламжийн байршлыг илэрхийлэн заасан 4 оронг нэмсэнээр шуудангийн нэгдсэн код илэрхийлэгдэнэ.

 “Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.3 дахь заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо шуудангийн нэгдсэн кодыг боловсруулан уг хуулийн 7.1.4 дэхь заалтын дагуу Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шуудангийн нэгдсэн кодыг батлуулдаг.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 80 тоот тогтоол (захирамж)-оор шуудангийн нэгдсэн код буюу бүсчлэлийн кодыг шинэчлэн баталлаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр 9 аймгийн 29 суманд 40 багт холбогдох өөрчлөлтүүд орсонтой тул 11 кодыг шинээр оноолоо. 

-Зипкодыг юунд хэрэглэж болох бэ?

  • Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд таны шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх
  • Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж, Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох
  • Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх
  • Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх
  • Бүсчлэлийн кодыг хүн амын нягтаршилтай уялдуулсан тул төрийн зүгээс бодлогын төлөвлөлт хийх, бизнесийн хувьд шинэ үйлчилгээний маркетинг хийхэд тулгуур дэмжлэг болох зэрэг олон дэвшилтэт талууд бий болох боломжтойг дурьдаж болох юм. 

-Шуудангийн нэгдсэн кодыг яаж дугаарладаг вэ?

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн базад бүртгэлтэй байгаа бүх обьектыг давхардуулахгүйгээр оноон дугаарласан. Кодыг үүсгэхдээ дараах зарчмын баримталдаг.

Хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодын стандарттай уялдсан байх,

Тухайн  хэсгийн кодыг хэрэглэгчийн хаягийн байршилд тулгуурлах,

Шуудангийн технологи ажиллагааг хөнгөвчлөх,

Хот, суурин газрын хөгжил, хэтийн төлөвлөлтийг харгалзах,

Кодын зохицуулалт хийх нөөцтэй байх.

-Жишээ нь?

-Өөрөөр хэлбэл шуудангийн хаягийн хүргэлтэд маш чухал үүрэгтэй.Гадаадаас ирүүлж байгаа илгээмжийг авахад илүү хялбар болсон. Обьектуудыг кодтой болгосноор шуудангийн компаниуд есөн оронтой кодыг хийхэд байршил нь шууд гараад ирэх юм. Хуучин 14201 гэсэн кодыг хийсэн боловч тухайн хаягийн хэсэг нь хаана байгаа нь мэдэгддэггүй тал байсан. Жишээ нь: Манай ажил “СУИС-ийн хажуу талын Метро молл дэлгүүрийн ард” гэж заадаг. Харин 9 /14201-0033/ оронтой код хэрэглэснээр шуудангийн хүргэлтэд маш хялбар болж байгаа юм. Дэлхийн хөгжингүй орнуудад бол тухайн гудамж, хаяг байршил нь тодорхой байдаг шүү дээ.

-Бүсчлэлийн код манайд харьцангуй шинэ ойлголт уу?

- ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” анх батлагдсан. Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоосон юм. Энэ журмын дагуу код оноох, мэдээллийн сан байгуулах ажлыг манай хариуцдаг бөгөөд 2007 оноос хойш хэрэглээнд ороод өнөөдөр 10 жилийн ойтойгоо золгож байна.

ХХЗХ-ноос “Бүсчлэлийн код оноох, олгох, мэдээллийн санг бүрдүүлэх журам”ыг  2008 оны 20-р тогтоолоор батлан кодын санг үүсгэж байсан ба  2011 оны 66 дугар тогтоолоор шинэчлэн баталж,  2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг оруулж байсан.

Энэ хугацаанд  5 удаа шуудангийн нэгдсэн кодын өөрчлөлтийг 2008, 2010, 2013, 2016, 2017 онуудад хийж байсан ба 2010 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар баталдаг болсон.

Мөн 2007 оноос хойш Бүсчлэлийн кодын лавлах “Цэнхэр номыг” хэвлүүлэн гаргаад 2017 онд 21 аймаг, Нийслэлд холбогдох шуудангийн болон төрийн байгууллагуудад нийтдээ 1300 ширхэг номыг тараан нийтийн хүртээл болгоод байна.

- Тус хороон дээр зипкодтой холбоотой цахим хуудас ажиллаж байгаа юу?

-Байгаа.www.zipcode.mn цахим хуудас болон гар утсанд зориулсан апплекэйшн ажиллаж байгаа. Энэ жил цахим хуудсанд шинээр хөгжүүлэлт, сайжруулалтыг хийж дуусгасан.

Энэхүү цахим хуудас болон апплекэйшнаас хэрэглэгч өөрийн оршин байгаа газрынхаа зипкодын мэдээллийг авах бүрэн боломжтой.

-Бүсчлэлийн кодыг олон нийтэд таниулж сурталчлахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь: Хаягжуулалтын асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь дан ганц манай хорооны ажил биш. Бусад төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж нэгдсэн нэг хаягтай мөн зипкодыг бүх нийтээрээ хэргэлдэг болгоход хаягийн бичвэрийг жигдрүүлэхэд хууль эрх зүйн болон санхүүгийн хүндрэлүүд байна.

-Цаашид танай хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-НҮБ-ын мэргэжлийн төрөлжсөн байгууллага болох эгнээндээ 189 улс орныг нэгтгэсэн Дэлхийн шуудан холбооны хаягийн бичвэрийн стандарт S42–ийг хэрэгжүүлэх ажлыг 2017 онд хийсний үр дүнд 2018 онд S42 шуудангийн хаягийн стандартыг хэрэгжүүлсэн сертификатаа авахаар болсон. Үүний үр дүнд х Монгол Улсын хаягийн бичвэрийн хувилбарууд олон улсад зарлагдах юм.  

Мөн шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн програмтай болох ажлыг зохион байгуулан Монгол шуудан ХК, шуудангийн компаниуд төдийгүй төрийн зарим байгууллагуудыг нэгдсэн нэг мэдээллийн сантай болгох ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Ингээд эцэст нь 2007 оноос хойш зипкодыг хэрэглэж ирсэн нийт хэрэглэгчиддээ Бүсчлэлийн кодыг хэрэглээнд оруулсаны 10 жилийн ойн мэндийг хүргэе.